
Олон улсын валютын сан (ОУВС) хагас дамжуулагчийн эрэлт хүчтэй байгаатай холбоотойгоор БНСУ-ын энэ жилийн эдийн засгийн өсөлтийн таамгийг 3.3% болгон үлэмж нэмэгдүүлэв. Ирэх жилийн өсөлтийг мөн өмнөх таамгаасаа өндөр буюу 2.8% байхаар тооцжээ.
Эдийн засаг, санхүүгийн яамны мэдээлснээр ОУВС 13-нд ийм агуулгатай “Аравдугаар сарын дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангаа танилцуулсан байна. ОУВС энэ жилийн БНСУ-ын эдийн засгийн өсөлтийг долоодугаар сарын таамгаас 0.7 нэгж хувиар нэмэгдүүлж, 3.3% гэж тооцжээ. Энэ нь гурван сарын зайтайгаар хоёр дахь удаагаа дараалан 0.7 нэгж хувиар өсгөсөн үзүүлэлт бөгөөд БНСУ-ын Төв банкны таамагтай ижил байна. Ирэх жилийн өсөлтийн таамгийг гурван сарын өмнөхөөс 0.3 нэгж хувиар нэмэгдүүлж, 2.8% гэж төсөөлөв.
Өсөлтийн таамгийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлээр экспортын өсөлтийг нэрлэжээ. ОУВС тайландаа “Ойрх Дорнодын дайны сөрөг нөлөөг давсан, хагас дамжуулагч голлосон гадаад эрэлт хүчтэй байгаагаар БНСУ-ын эдийн засаг энэ онд 3.3% өснө” гэж дүгнэв.
Харин дэлхийн эдийн засгийн энэ жилийн өсөлтийн таамгийг өмнөхөөс 0.1 нэгж хувиар нэмэгдүүлж, 3.1% гэж тогтоожээ. Ойрх Дорнодын дайн удааширч, худалдааны зөрчил хурцдаж буй сөрөг нөхцөлд ч хиймэл оюун ухаанд хийх хөрөнгө оруулалт тэлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж байна гэж үзсэн байна. Томоохон эдийн засгуудаас АНУ-ын өсөлтийн таамгийг 2.3% хэвээр үлдээсэн бол Хятадынхыг газрын тосны үнэ өндөр байгаагийн нөлөөгөөр 0.1 нэгж хувиар бууруулж, 4.5% болгожээ.

댓글 (0)
댓글을 작성하려면 로그인이 필요합니다.
로그인하기